БУУЦАГААН СУМЫН ЭМНЭЛЭГ МАЛЧНЫ ХОТОНД ЭХО ҮЗЛЭГ ХИЙЖ ДАРААГИЙН ШАТЛАЛРУУ ЭМНЭЛЭГ РҮҮ ЗУРГИЙГ ШУУД ИЛГЭЭХ ЗӨӨВРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛОВ

Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилт амжилттай хэрэгжиж аймгийн хэмжээний бүх сумд мобайл технологийг орон нутагтаа нэвтрүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа билээ.

12 сарын 03-нд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, ИТХ-ын төлөөлөгч Ш.Сэдэд, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар Бууцагаан суманд ажиллах үеэрээ сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч ажиллагсдын санал хүсэлтийг сонсов.

Бууцагаан сум нь баруун чиглэлийн аймгуудын төв зам дагуу байрлалтай, аваар осол их гардаг учраас газар дээр эмчилгээг шууд хийх шаардлага олонтаа гардаг тухай сумын Ерөнхий эмч хэлээд тухай бүсээ хамаарсан дараагийн шатлалт эмнэлэг болж эмчилгээ үйлчилгээгээ өргөжүүлэх саналтай байна гэв. Аймгийн удирдлага тухайн саналыг холбогдох газарт уламжилж ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд алслагдсан бүс нутагт малчны хотонд эхоны үзлэг оношилгоог газар дээр нь хийн дараагийн шатлалын эмнэлэг, эмч рүү шууд илгээх боломж бүхий овор хэмжээ бага, хөнгөн, цэнэглэгддэг батарей, принтер бүхий зөөврийн эхоны комыг олголоо.

2022-12-05 17:38:34