СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО
1924 он
Бууцагаан сум нь Баянхонгор аймгийн захын сум бөгөөд Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ жүн Ван Жамьяндоржийн хошуу юм. 1924 онд Цэцэрлэг мандалын аймагт харьяалагдан, Буянт сум нэртэй, Өлзийт, Буянт, Аргалант гэдэг 3 багтай, сумын захиргаа нь ганц гэртэй байгуулагдаж, анхны даргаар Сэндэнгийн Лхамсүрэн гэдэг хүн байжээ. Сумын захиргаа нь төвлөрч суурьшсан газаргүй хэдэн жил нүүдэллэн явж байгаад 1920-иод оны сүүлээр Буянт голын Дарь эхийн жасын барилгуудыг түшиглэн суурьшсан байна.
1929 он
Богд марал уулын хошууны Буянт, Холбоо, Гурванмандал зэрэг сумдууд нэгдэж, Буянтцагаан сум болж, Цагаан голын Бөөрийн уулзвар хэмээх нутагт төвлөрч, тухайн үед сум болоод дөчдийн даргад харц гаралтай эмэгтэй хүн сонгох Засгийн бодлого байсныг баримтлан малчин ард Санжжавын охин Лхамыг сумын даргаар сонгожээ.
1930 он
Сум байгуулагдсан тэр үед анхны хоршоо, улсын худалдааны салбар байгуулагдан, ард түмнийг өргөн хэрэглээний бараа таваараар хангаж, мал аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авч улсад бэлтгэн нийлүүлсэн байна. Мөн нам, эвлэлийн үүрүүд байгуулагдаж, намын үүрийн даргаар анх Н.Бэгзжав, эвлэлийн үүрийн даргаар Г.Сүрэнхорлоо нар ажиллаж байсан байна.
1938 он
Хүн эмнэлгийн анхны эх үүсвэр тавигдаж анхны сувилагчаар Архангай аймгийн Сувилагчийн сургуулийг төгссөн Ж.Дамдинсүрэн ажилласан бөгөөд өөрийн гэрээ эмнэлэг болгосон түүхтэй.
1939 он
1939 оны 06 сарын 01-ны нарлаг өдөр Буянтцагаан гол суманд иргэд, олон түмний санаачилгаар Зуны бага сургууль нээгдэж, 2 багш, 48 хүүхдүүдтэй хичээллэж эхэлсэн байна.
1940 он
Намын төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн 1940 оны 04 сарын 12-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр Улсын бүх сумдад АРДЫН БАГА СУРГУУЛЬ байгуулах ажил эхэлжээ. Тус сумын анхны захирлаар Ч.Арсэд, багш Доржжанцан, Гомбодаш, Чойжинжав нар хамтран ажиллаж, сургуулийнхаа санхүү, аж ахуйг бэхжүүлж, 90 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа эхэлжээ.
1941 он
Бага эмчийн салбар байгуулагдан 3 орон тоотой болж, анхны мэргэжлийн бага эмчээр Ховд аймгийн Буянт сумын харьяат Чойенгийн Зандан ажиллажээ.
1943-1944 он
Төрийн албан хэргийг кирилл үсгээр хөтлөн явуулах талаар шийдвэр гарч бүхий л аймаг, сумын тамгыг өөрчлөн дугуй хэлбэртэй резинин тамгыг албан хэрэгт хэрэглэх болсон байна.Үүнээс улбаалан Буянтцагаангол гэдэг нэрний Буянт гэсэн үгийг “Буу” гэж товчлон, гол гэдэг үг хасагдан Бууцагаан хэмээх нэр тамга хийгдсэнээр энэ нутгийн нэр солигдсон билээ.
1950 он
1950 оны 10 сард Гэлэгийн Жамсран малын эмчээр томилогдон ирж 1951 оныг дуустал ажилласан байна.
1951 он
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар анхны хүний бага эмч Гэндэнсономын Пионер сонгогдож байжээ.
1952 он
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар зарлигаар Баянбүрд сум 391 өрх, 1430 хүн ам, 56000 малтай тасран байгуулагдаж Бууцагаан, Баянбүрд хоёр сум болон хуваагдсан.
1953 он Манай сум 74 мянга гаруй толгой малтай байсан бөгөөд 1953 онд мал өсгөх алсын төлөвлөгөөг биелүүлээгүй байхад “МАЛЧИН” нэгдэл мал өсгөх төлөвлөгөөг 765 толгойгоор буюу 5,9 хувиар давуулан биелүүлжээ.
1954-1959 он
Эдгээр жилүүдэд нэгдэлжих хөдөлгөөн хүчтэй өрнөж 1959 онд сумын бүх ардын аж ахуйтан бүр нэгдэлжиж амины малаа үлгэрчилсэн дүрмийн дээд хэмжээнд тохируулан нийгэмчилсэн бөгөөд мал аж ахуйн бригадуудыг төвлөрүүлэн суурьшуулж аж ахуй, үйлчилгээний барилгуудыг барьж эхэлжээ. Нэгдлийн хэмжээгээр мал аж ахуйн байнгын бригадыг зохион байгуулан 1 дүгээр бригадыг Цагаан голын эхний Шинэ булагт, 2 дугаар бригадыг Баянгийн голд, 3 дугаар бригадыг Өлзийт голын Цагаан довонд төвлөрүүлэн байгуулж, бригадын тоо бүртгэгч, эд хариуцагч, галч, сахиулын орон тоотой болгон суурин хөдөлмөрт шилжсэн түүх эхэлжээ.
1961 он
Манай сумын сум нэгдлийн дарга Занагаагийн Жамьян хэмээх эрхэм санаачилан хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлжээ. Нэгдлийн санхүүгийн төлөвлөгөөнд 1 багш, 2 ажилтны орон тоотой 15 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлснээр анхны эрхлэгч багшаар Ж.Түмэн, туслах багшаар Ж.Жавзансүрэн, тогоочоор Цэгмид нар ажилласан түүхтэй. Мөн анх удаа цахилгаан мотор асаан контор, клуб, зочид буудлыг гэрэлтэй болгож байжээ.Б.Жадамбаа нэгдлийн ПС-15 цахилгаан моторыг анх ажиллуулж байжээ.
Суманд хүний их эмчийн салбар байгуулагдан, анхны их эмчээр Даарий, Гэлэгжамц нар ажиллаж байв.
1962 он
Нэгдлийн гишүүдийн аж амьдрал, соёлын хэмжээнд өөрчлөлт гаран бүх өрхийн 60 гаруй хувь нь оёдлын машин, төмөр ор, радио хүлээн авагчтай болж, бүх өрх хөнгөн маягийн хагас модон шалтай, сургуулийн насны хүүхэдтэй айл хүүхдийн тоглоомын булантай болсон байна.Манай сумын хүн ам дотроос сэхээтэн олон төрсний дотор Ж.Банзар онц бөгөөд элчин сайд, Ц.Жамбал орлогч сайд, Н.Дуламжав Засгийн газрын хянан шалгах комист мэргэжилтэн зэрэг олон хүмүүс төрийн албанд ажиллаж байжээ.
1963 он БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс гаргасан нэг тогтоол нь нэгдлийн хөдөлмөр зохион байуулан мал аж ахуйг суурийн зохион байгуулалтад оруулан нэг суурийг 3-4 өрхтэй, хөдөлмөрийн чадвартай 3-4 хүнтэй үржлийн бог мал 500-800 толгой, эр сувай мал 800-1000 толгой малаар суурилан хамтын хүчээр аливаа ажил хөдөлмөрийг гүйцэтгэх алхам болсон гэж үзэж байжээ. Тус нэгдэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сум-нэгдлийн нэгдсэн албан контор, 70 хүүхдэд үйлчлэх сургуулийн дотуур байр, 30 хүн хүлээн авах нийтийн гуанз, 10 гаруй ортой зочид буудал, хүүхдийн цэцэрлэг, ясли, эд аж ахуйн төрөлжсөн агуулах, авто ба хөдөө аж ахуйн машины гараш, хүйтэн зоорь зэрэг 20 гаруй барилга барьснаас гадна агаарын холбоо, 50-иас доошгүй цаг ажиллуулах чадалтай радио узель, мянган тонны тэжээлийн агуулах үэргийг ашиглалтанд оруулжээ.
1964 он
МАХН-ын 15-р их хуралд Нямын Алтан сонгогдон оролцсон ба Сумын АДХ-ын гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн даргаар Нямын Хүнбиш ажиллаж, энэ албыг 21 эил тасралтгүй гүйцэтгэсэн байна.
1966 он
Сум анхны “Газ-51” маркын машинтай болж анхны жолоочоор /Санзай/ Ш.Пүрэв хэмээн хүн ажиллаж байсан. Мөн анхны колонк буюу шатахуун түгээх станц Сэрвэнгийн ард Цагаан овооны дөрөлжнөөс 500 гаруй метрт байгуулж, эрхлэгчээр нь Дэмбэрэл хэмээх хүнийг томилж ажиллуулсан байна.
1968 он
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1968 оны 12 сарын 06-ны өдрийн хуралдаанаар Баянбүрд сумыг Бууцагаан сумтай нэгтгэх 249-р зарлиг бууж эрт үеийн түүхээсээ нэг хошууны ард түмэн дахин нэгдэж, сумын нэрийг Бууцагаан, хамтын аж ахуйгаа “Ургац” нэгдэл гаж нэрлэх болжээ.
Үүний дараа тус сум нь 753 өрх, 83738 толгой мал, 3700 гаруй хүн амтай болсон юм. “Ургац” нэгдэл нь мал аж ахуйн 5 бригадтай, туслах үйлдвэр, хашаа худгийн бригадтай ажиллаж байлаа.
1969 он
1969-1970 оны хичээлийн жилд тус сум 8 жилийн сургууль болж өргөжив.
1971 он
Цахилгаан мотор сайжирч, 24 цагаар асдаг болж механикаар Д.Дагдан, цахилгаанчингаар Л.Ганцэцэг нар ажиллаж байв.
1972 он
19720 онд тус сум нь 20 гаруй багштай 300 гаруй сурагчтай 8 жилийн дунд сургууль болж, жилдээ сая гаруй төгрөгийн бараа борлуулдаг худалдаа бэлтгэлийн анги, 15 ортой Хүний их эмчийн салбар, Клуб, Номын сан, Хүүхдийн цэцэрлэг, Зоо мал эмнэлгийн тасаг, Эмийн сан, Зочид буудал, Халуун ус, Нийтийн хоолны газар зэрэг соёл үйлчилгээний олон газруудтай болжээ.
1974 он
Анхны ахуй үйлчилгээний суурь тавигдаж, анхны Оёдлын цех байгуулагджээ.
1978 он
Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн отрын малчдад үйлчлэх зориулалттай дундын отор тэжээлийн фондыг 1978 онд “Замын худаг” гэдэг газар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын модны үйлдвэрийн барилгачид, оюутнууд барьж ашиглалтад оруулжээ.Тэжээлийн фонд нь 3 том агуулах дотор 2 ачигч, буулгагч цахилгаан туузтай, контор, зочид буудал, клуб, гуанз зэрэг барилгатай , 10 тонны пүү, мотортой худагтай цогц байгууламж байжээ.
1979 он
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 370 дугаар ЗАРЛИГААР БАЯНХОНГОР АЙМГИЙН БУУЦАГААН СУМЫН “УРГАЦ” НЭГДЭЛ “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулжээ.
1980 он
Улсын хөрөнгө оруулалтаар 25 үйлчлэгчтэй Ахуй үйлчилгээний 2 давхар барилгыг ашиглалтад авснаар оёдол, гутал, төмөр эдлэл, хими цэвэрлэгээ, угаалга, үсчин, зурагчин, цаг засварчин зэрэг олон талын нэгдсэн үйлчилгээ нээгджээ.
1981 он
Сум 100 хээлтэгчээс 76 унага, 99 хурга, 89 ишиг бойжуулсан нь 40 жилийн хамгийн дээд үзүүлэлт байлаа. Тус сум нь 100 гаруй мянган малтай 10 сумын нэг болжээ.
1986 он
Авто засварын цех, шатахуун түгээгүүр бүхий аймаг, сум дундын үйлчилгээний цэг байгуулагдсан.Мөн телевизийн шууд нэвтрүүлэг хүлээн авах болов.
1988 он
“Ургац” нэгдлийн Бударганы хэсгийн малчид өвөлжөө, хаваржаандаа гурвалсан хашаа байр, сууцны байшин, төрөлжсөн агуулах барьж өөрийн хүчээр хадлан тэжээлээ бэлтгэх болжээ.
1989 он
Тус суманд саравчтай хашаа 175, энгийн хашаа 135, өрөмдмөл худаг 17, инженерийн хийцтэй худаг 175, усан сан 13, уурхайн худаг 151 болж мал нэг ээлжийн хашаагаар хангагдаж бэлчээрийн 80 хувь нь усаар хангагдав.Энэ онд 10 жилийн сургууль ашиглалтад оров.
1991 он
Улс оронд өрнөсөн ардчиллын үед Ургац нэгдэл 3 компани болон хуваагдаж, Баянбүрдний “Жаргалант амьдрал” ХК, “Ургац” ХК, “Нөмөрт” хоршоо байгуулагджээ.
1992 он
1992 оны үеэс цахилгаан хэрэглэгчид эрс цөөрч, түлшний үнэ өссөн бөгөөд нэг л түлшний үнэ 1 төг 20 мөнгөнөөс 5 төг 40 мөнгө болж өсөн, зах зээлийн үнэ 545 төгрөг түнээс дээш хэлбэлзэж байжээ.
1994 он
Ургац ХК нь 398 өрхийн 2822 гишүүний 7,9 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж байв.
2026-04-13 15:18:48