УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БУУЦАГААН СУМЫН МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнаж зарим тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг гишүүдэд уриалсан юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар уг аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчид төлчдийн зөвлөгөөнд оролцож УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Ерөнхийлөгчийн малчин түмэндээ илгээсэн илгээлтийг уншиж сонордуулж, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нар мэндчилгээ дэвшүүлэн аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, хийж хэрэгжүүлж буй ажлын тухайд товч мэдээлэл өглөө.

Бууцагаан сумын малчдын зөвлөгөөнд баг бүрийн төлөөлөл болсон малчин иргэд уламжлалт аж ахуй, өв соёлоо эрхэмлэн оролцсон юм. УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг эрхэлсэн ажил үйлсдээ амжилт гаргасан тэргүүний малчдаа төрийн дээд одон медалиар шагнаж сум орон нутгаас тодруулан олгож буй шилдэг малчдын шагналыг гардуулав.

2023-02-02 00:00:00