БНМАУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭЛЭГИЙН ЖАМСРАН

Г.Жамсран нь 1930 онд Баянбулаг сумын “Дэл” хэмээх газар төрсөн. Тэрбээр 1947 онд Архангай аймгийн Мал эмнэлгийн Техникумыг “Малын бага эмч” мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна.

            Малын бага эмч Г.Жамсран нь 1954-1968 он хүртэл Баянбулаг сум-нэгдлийн даргаар, 1968-1990 он хүртэл Бууцагаан сумын сум-нэгдлийн даргаар 36 жил тасралтгүй ажиллаж улс орныхоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт амьдрал, хөдөлмөрөө зориулан ажилласан байна. Түүний удирдаж байсан “Ургац” нэгдэл нь чанарын бригад, авто аж ахуй, хадлангийн механикжсан салаа, тахиа, гахай, туулайн аж ахуй, саалийн ферм, элдүүрийн цех, барилгын туслах үйлдвэрийн бригад, талх, нарийн боовны цех, малчин эхчүүдийн амрах байр, нийтийн халуун ус, ногооны бригад, хуримын ордон зэрэг олон салбар нэгжийг эрхлэн ажиллуулснаар малчдын эрүүл мэнд, нийгэм соёлын олон талт үйлчилгээ сайжирсан юм. Энэ хирээр нэгдэл улсад 2 удаа тэргүүлж, нэгдлийн эдийн засгийн үзүүлэлт, ашиг орлого нэмэгдэж, эд хөрөнгө сайтай болсон нь нэгдлийн гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Түүний ажил хөдөлмөрийг үнэлэн

            БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр ЗАРЛИГААР БНМАУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор шагнажээ.

 

2026-02-23 09:25:52